Friday, November 20, 2009

Essay бичих сонирхолтой хүн бүрт зориуллаа.

Нас сүүдрийн тухай Сонгодог эссэ Мишэль дө Монтень Амьдралынхаа урт богиныг бид юунд үндэслэн тогтоодгийг би мэдэхгүй. Ухаантан мэргэд бусад хүнтэй харьцуулахад амьдралаа бушуухан дуусгахыг чармайх нь олонтаа. Амиа хорлохыг нь болиулахаар оролдсон хүмүүст Катон: “Та нарынхаар бол би амьдралаас хэтэрхий эрт буцах гэлээ хэмээн зэмлүүлэхүйц тийм залуу хүн болж таарч байна уу ” гэсэн аж. Харин тэр ердөө л дөчин найман настай байсан юм. Тийм ч олон хүн энэ насанд хүрдэггүй хэмээн тооцсондоо тэрээр өөрийгөө хангалттай амьдарсан гэж үзжээ. Үүнээс илүү наслах ёстой гэж үзэж байгаа хүмүүс бол “ахиад хэдэн жил амьдрах хугацаа үлдсэн ” гэж тооцох “амьдралын тэр хугацааг хэдийд ч богиносгож мэдэх тоо томшгүй тохиолдлуудаас ангижруулах хүчин зүйл бий” хэмээн найдах зайлшгүй үндэслэлтэй байх ёстой. Өтөлж хөгширсний үр дагавар болох хүч чадлаа барагдаж гүйцэхэд л үхнэ хэмээн найдах, чухам үүгээр л бидний амьдралын урт богино тодорхойлогдоно хэмээн үзэх нь хичнээн хоосон мөрөөдөл билээ! Ийм үхэл бол хавьгүй ховор, яавч жирийн биш тохиолдол шүү дээ. Гэтэл зөвхөн үүнийг зүй ёсны үхэл гэж нэрлээд, эгээ л бидний амьд явах ердийн нөхцлүүдэд гэнэтийн гамшиг ерөөс нүүрлэдэггүй юм шигээр, унаад хүзүүгээ хугалах, хөлөг онгоц сүйрэх үед живэх, тахал юм уу уушигны хатгаа туссанаас үүддэгийг нь зүй бус, зуурдын үхэл гэцгээдэг. Сайхан үгээр өөрсдийгөө хуурцгаахыг больё: илүү түгээмэл, энгийн, нийтлэг санагдаж буйг нь зүй ёсны хэмээн үзэх л зөв болно. Хөгширсний улмаас нас нөгчинө гэдэг бол хамгийн эцсийн тохиолдолд л байх боломжтой, үхлийн маш ховор, ер бусын хэлбэр юм. Ийм тохиолдолд биднээс хичнээн хол байна, түүнийг тооцох үндэслэл төчнөөн бага. Магадгүй, энэ нь бид хэзээ ч алхаж гарахгүй, байгалийн хууль бидэнд давж гарахыг зөвшөөрдөггүй тэр хязгаар ч байж мэднэ. Тэр хязгаар хүртэл амьд явах боломжийг хорвоо бидэнд олгох нь тун цөөн. Энэ бол байгаль хоёр гурван зуунд л нэг удаа, амьдралын тэр урт аяны туршид чөлөө зайгүй тохиолдох аюул бэрхшээл гэтэлгэн байж нэг л хүнийг шагнадаг ховорхон өглөг юм. Тиймээс бид өөрсдийн тухайд “хүн бүхэн энэ насанд хүрдэггүй шүү дээ ” гэх үзлээр л хандвал зохилтой. Нэгэнт хүмүүс энэ хүртэл зайлшгүй явах ёстой бишээс хойш энэ бол гүн уруу нь хөл тавих бололцоо бидэнд тэр зүйлийн хий үзэгдэл юм. Амьдралын маань урт богинын бодит хэмжүүр болсон ердийн хил хязгаарыг нэгэнт даваад гарчихсан тул, бидний зам цаашаа үргэлжилнэ хэмээн найдах хэрэггүй билээ. Алхам тутамд маань отож байсан, үхэж болох өчнөөн тохиолдлоос мултарсан болохоор өнөө хэр бид энд оршсоор буйн аз завшаан бол ер бусын, бараг л байж боломгүй зүйл. Тэгэхээр цаашид энэ янзаараа үргэлжилнэ гэж тооцох аргагүй. Бидэнд итгэж найдах хуурмаг сэтгэлийг төрүүлдэг нь жам ёсны өөрийнх нь буруу юм. Хүн ердөө л хорин тав наслах бололцоотой гэдгийг тар ер хэлдэггүй, гэтэл хэн болгонд ийм насыг үзтэлээ амьд явах боломж олддоггүй шүү дээ. Шүүхийн алба хашихын тулд гуч хүрсэн байхад хангалттай хэмээн тунхагласнаараа Август эртнээс Ромд тогтсон хуулиас таван жилийг нааш татсан юм. Сервий Туллий эрчүүдийг дөчин долоо хүрмэгц нь цэргийн албанаас чөлөөлж байсан бол Август үүнийг дөчин тав болгон бууруулжээ. Надад бол 55-60 наснаас өмнө хүмүүсийг албанаас чөлөөлөөд байх онцгой үндэслэл үгүй мэт санагдана. Нийгмийн сонирхол бол эрхэлж буй ажлаа аль болохуйц удаан үргэлжлүүлэх боломжийг бидэнд олгоход оршдог. Гэвч нөгөө талаас, тэдгээр албан тушаалд хүрэх бололцоог эртхэн нээх нь зөв гэж би үзнэ. Август өөрөө арван есөн насандаа ертөнцийн хувь заяаг шийдэж явсан бөгөөд тэр үедээ “ямар нэг ус урсгах хоолойг хаана байгуулах тухай асуудлыг шийдэхийн тулд гучин нас хүрсэн байх шаардлагатай” гэсэн зарлиг гаргажээ. Хорьтойдоо хүн бүрэн насанд хүрээд өөрийн чадамж бололцоог нэгэнт нээн харуулдаг гэж би үздэг. Хэрэв энэ хүртлээ дотоод сэтгэлийнх нь хүч чадал бүрэн тодорхой илэрч гараагүй бол, тэр хэзээ ч юу ч хийж чадахгүй. Чухам хүү энэ үед л бидний мөн чанар, шударгуу сайн араншингууд жинхэнээсээ илрэх бөгөөд, үгүй бол тэр хэзээ ч өөрийгөө харуулахгүй ээ. Анхнаасаа хурц байгаагүй өргөс Алсдаа хурц болдоггүй гэж шүлэгт өгүүлдэг шүү дээ. Миний мэдэх хүмүүсийн сайн сайхан чанарууд гуч хүрэхээс өмнө л энэ наснаас хойшхи үеэ бодвол илүү хүчтэй төлөвшлийг олсон байдаг. Эрт дээр үед ч бидний энэ цагт ч хэн нэгэн хүний амьдралд ч ийм л байсан бөгөөд Ханнибал, түүний агуу их өрсөлдөгч Сципион нарын тухайд яг энэ үгийг бүрэн итгэлтэй хэлж болно. Тэдний амьдралын жаргалтай сайхан үе залуудаа олж авсан нэр алдрынх нь төлөөсөнд ирсэн юм. Хожмоо ч тэд алдар хүндтэй хүмүүс байсан л даа. Гэхдээ энэ нь бусад хүнтэй харьцуулахад л тийм болохоос, өөрсөдтэй нь харьцуулаад бодоход тийм байгаагүй юм шүү. Миний хувьд, бие сэтгэл минь залуу наснаасаа олсон гэхээсээ илүү ихийг алдсан, ахисан гэхээсээ ухаарсан гэж бүрэн итгэлтэй хэлж чадна. Цагаа зөв ашиглаж чаддаг хүмүүсийн мэдлэг туршлага амьдралтай нь хамт өсөн нэмэгдэж явдаг байж магадгүй. Гэвч хурдан шаламгай, хатуу цэх байдал гэх мэт бидэнд шууд хамааралтай, сэтгэл санааны илүү чухаг бөгөөд гол чанарууд маань тэр хэрээрээ доройтож буурдаг. Ubi iam validis quassatum est viribus aevi Corpus et obtusis ceciderunt viribus artus Claudicat ingenium, delirat linguaque mensque Заримдаа бие, заримдаа сэтгэл урьтаж хөгширдөг. Ходоод гэдэс ч юм уу, хөлөөсөө түрүүлээд уураг тархи доройтсон жишээ хангалттай олныг би мэднэ. Ийм гай нь дайрсан хүндээ анзаарагдахгүй, төдийлөн тод илрэхгүй байх тусмаа л аюултай. Жам ёс маань биднийг ажил үүргээс маань чөлөөлөлгүй хэтэрхий уддаг тухай бус, харин мөнөөх ажил үүргийг бие даан гүйцэтгэх боломжийг хэтэрхий оройтож олгодог тухай яриад байгаагийн маань учир энэ. Бидний амьдрал мөнх бус. Энэ замд зүй ёсоор тохиолддог ердийн л саад тотгоруудыг онцгой чухал зүйлд тооцож, болж өнгөрсөн бүхэнд хийгээд хичнээн хугацааг дэмий хоосон өнгөрүүлсэндээ тэгтэлээ их ач холбогдол өгөх шаардлагагүй мэт надад санагдаж байна. латинаар бичсэний орчуулга Цагийн хүнд цохилтууд биеийг нэрмэн, гар хөл хөшиж хүч чадлаа барсны дараа, ухаан ч мөн доголдож, хэл үг ээдэрнэ.

No comments:

Post a Comment