Friday, November 20, 2009

Манжийн үеийн Монгол орон "эссэ"

“Талын нүүдэлчин монголчууд Татах нум тахир сэлмийн хүчээр Дэлхийн дайдыг эзлэв” гэж бид Их Монгол улсынхаа найман зууны түүхийг шагшин магтаж, хөөргөдсөөр ирсэн. Иййн магтан дуулахын сацуу бидний түүхэнд нягтлан судлууштай “цагаан толбо” байдаг нь Манжийн үеийн Монгол орны асуудал юм. Манж Чин улс Монголыг эзэрхэн захирах үеийн түүх нь судалгааны арвин баялаг хэрэглэгдэхүүнтэй, Д. Гонгор, Н. Ишжамц, Ц. Насанбалжир зэрэг эрдэмтэн судлаачдын гаргасан мөр нь тодхон байгаа үед тухайн үеийн түүхийг үзэл суртлаас ангижруулан шинээр авч үзэх зайлшгүй шаардлагатай байна. Монголд өрнөсөн улс төрийн бутрал тэмцэл нь аль ч “Impery”-д тохиолддог үйлийн үр байсан. Хүчирхэг арслангууд хоолоо булаацалдан тэмцэлдэж байх зуурт хоолыг нь хулгайлдаг нь цөөврийн ёс. Хэдий хоорондоо тэмцэлдсэн ч хүчирхэг байдлаа төдий л алдаагүй монголчуудыг хэрхэн эзлэн авах нь шинэ тутам өсч томорч буй Чин улсын эздийн толгойны өвчин болсон гэдэг. Энэ нь тэдний “бодрол бичиг”-ээс тодхон харагддаг. Монголчууд тэртээ XIII зуунд Зүрчидийн алтан улсыг мөхөөсөн нь анчин, загасчин гаралтай өв залгамжлагч нь болох манж нарт гашуун сургамж байх нь дамжиггүй. Хятад, Солонгосыг эзэлж, өөрсдийгөө дэлхийн дайдыг эзэлсэн мэтээр сэтгэж байсан манж нарт монголчууд “ар шилэнд нь зоосон хутга” мэт байлаа. Харин манж нарт аз тохиож, уламжлалт Хятадын төрийн бодлогыг залгамжлан авч хэрэгжүүллээ. Энэ нь Хүннүгээс Инагших нүүдэлчдэд хэрэглэдэг байсан ов заль, арга мэх байлаа. Ляогдүний хойгоос Тэнгэр уул, Байгалийн чанадаас Цагаан хэрэм хүртэлх нутагт оволзсон тэмцэл болж, дарамт шахалт, хахуульд автан Чин улсад “хүргэн” орцгоож байв. Нутагтаа хавчигдсан цөхүр Цогт тайж, Цахар түмнийг эзлэн суусан их хааны сүүлчийн удам Лигдэн хутагт нарын эвсэл Манжийн түрэмгий бодлогыг эсэргүүцэх анхны эхлэл байсан авч өрсөлдөгч нартаа цохиулснаар Өвөр Монгол “луугийн аманд” оров. Хоёр монгол хоорондоо зодолдов. Халх Ойродын хэрүүл тэмцэл нь монголчуудын гал голомтыг эзлэн авах аятай завшааныг Манж нарт олголоо. Өмнө зүгт хүчирхэгжсэн луу, хойд зүгт хүчирхэгжиж байгаа баавгай хоёрын алиных нь ивээлийн хүртвэл хожмын өдөр мултран бүрэн эрхт байдлаа олж авах вэ? Гэсэн сонголт монголчуудын өмнө тавигдсан юм. Өндөр гэгээн Занабазарын хэлсэнчлэн “Үндэс угсаа, хэл язгуур ойролцоо” манж нарт дагаар орох нь алсыг харсан том бодлого байлаа. Бас л хоёр монгол хоорондоо зодолдов. 1691 оны Даланнуур, Ар Элстэйн гэрээ нь Монгол- Манжмйн хоорондох вассалын гэрээ байлаа. Үүгээр хэдий монголчууд төрийн тусгаар тогтнолоо алдсан ч, үндэс угсаа, хэл соёл, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа авч үлдсэн юм. 1756-1758 онд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт болсон Зүүнгарын хаант улс Манжид эзлэгдсэн авч ширүүн тэмцэл хийснээр Манжийн төрийн зүгээс “геноцид” хийхэд хүргэжээ. Энэхүү хядлагын явцад хагас сая орчим хүн амь эрсэдсэн гэдэг. 350 орчим жилийн дараа Монгол телевизээр “Хуаньжу гэг” хэмээх хядлагын эзэн Тэнгэрийг Тэтгэсэн хааныг магтан дуулсан цуврал киног гаргаж байсан нь түүхийн тохуу гэлтэй. Манжийн ноёрхлын үед Монгол орон нийгмийн бүтцийг хувьд хан, ван гүн, хутагт хувилгаад, сум ард шавь ард, хамжлага ард гэсэн бүтэцтэй байлаа. Манжийн төрөөс Монголын дотоод хэрэгт шууд оролцолгүй, Улиастай, Ховд, Их Хүрээ, Шар сүмд суулгасан төлөөний сайд нараараа дамжуулан хянаж байв. Тэднийг “амбан сайд” гэж нэрлэдэг. Одоо дипломат төлөөлөгчийн газрыг ”embassy” хэмээн нэрлэх болжээ. Манжийн төр, монголчуудын хооронд байгуулсан гэрээний дагуу монголчууд даруй 300 гаруй жил хан үндэстэнд уусахаас сэргийлж чаджээ. Мөн Манж Чин гүрний хамгийн бөглүү , зах хязгаар нутаг болон хувирсан юм. 1880-аад оноос Манжийн төрд хятад түшмэдийн нөлөө ихэсч, Монголын талаар баримтлах бодлогод өөрчлөлт гарсан нь “Шинэ засгийн бодлого” болно. Энэ бодлого нь монголчуудын язгуур эрх ашгийг хөндсөн тул яваандаа цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний хувьсгал гарах нөхцөлийг бүрдүүлсэн юм. “Бүү март мартвал сөнөнө” гэсэн нэгэн нэртэй нийтлэгчийн өгүүлсэнчлэн одоогийн манай улс төр, нийгэм-эдийн засгийн байдал нь Манжид эзлэгдсэн үеийн Монгол орны байдлыг санагдуулна.

No comments:

Post a Comment