Friday, November 20, 2009

Тэвш уулын хадны зураг

Өвөрхангай аймгийн Богд сумын дэргэд зүүн хойд зүг салбарлан тогтсон Тэвш хэмээх хар уул бий. Энэ уулын эргэн тойрон эртний олон зуун сүг зурагтайн дотор элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн ахуй амьдралыг тусгасан зураг голлодог. Буга, янгир, адуу, тэмээ, нохой гэх мэтийн олон адгуусан амьтан хонхойлгон цохиж дүрсэлснээс хээлтэй янгирыг гэдэс томтой, бугыг илтэй дүрсэлж, үхэр адууны эр хүйсийг онцлон дүрсэлжээ. Аж ахуйн холбогдолтой зургуудад үхэр малд нуруу ачсан юм уу ямар нэг зүйл чиргүүлсэн тэмээ морийг хүн хөтөлсөн үхрийн хамарт дөр зүүсэн морьтой явган хүмүүс адуу тууж яваа байдлаар дүрсэлсэн нь малыг гэршүүлж эдэлгээнд сурган ашиглах болсныг өгүүлнэ. Энэчлэн амьтдыг хашаа бусад хорионд оруулж буйгаар нум сум харваж байгаагаар зурсан мэтчлэн ан гөрөө аж ахуйн сэдэвт зургуудыг энд олонтой үзэж байна. Тэвш уулын хадны хонхойлон цохисон энэ мэт олон сэдэвт зургууд дотроос эртний тэрэг, тэрэгтний зураг, судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг. Дөрвөн дугуйтай ганц гуятай тэргүүд, 4 морь хөллөсөн юм уу хэгээсгүй 2 дугуйтай тэгш өнцөгт маягийн судалтай ганц аралтай 4 морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн янзын тэрэгний зургийг А.П.Окладиков, П.И.Кожин, Д.Дорж, Э.А.Новогородова, Д.Цэвээндорж нар урьд өмнө эндээс олж илрүүлжээ. Эдгээр тэрэгний дугуйг янз бүрийн тооны хигээстэй дүрсэлсэн нь тэрэгний хувьслыг харуулдаг бөгөөд А.П.Окладников скифийн үед буюу ХТӨ VII-II зуунд Д.Дорж ХТӨ III-I зуунд гэх мэтчилэн хамруулж Д.Дорж дээр өгүүлсэн 4 дугуйтай морь хөллөсөн тэргийг /гэр тэрэг/ гэж үзсэнтэй судлаачид санал нийлдэг. Тэвш уулын тэрэг, тэрэгтний зургийг судлах ажил үргэлжилсээр байгаа бөгөөд 1997 онд Г.Гонгоржав уг уулын Ар элстийн амнаас гурвалсан морьтой, найман хигээстэй тэргэн дээрхи босоо хоёр хүн бүхий ангуучлалын юм уу байлдааны зориулалттай байж болох тэрэгний өвөрмөц зураг шинээр олж илрүүлсэн байна.

No comments:

Post a Comment