Friday, November 20, 2009

Хойд цэнхэрийн агуйн хадны зураг

Монгол дахь чулуун зэвсгийн үеийн хадны зургийн нэгэн онцгой гайхамшгийг Ховд аймгийн Манхан сумын төвөөс 25км зайд орших Хойд цэнхэрийн агуйн зургуудаас харж болно. Хойд Цэнхэрийн голын хөвөөнд оршдогоос ийнхүү нэрлэгдсэн энэ агуй карбонат чулуулгаас тогтсон бөгөөд дотроо бөмбөгөрдүү оройтой шалнаас адар хүртэл 20 метр орчим зай хөндийтэй юм. Эл агуй хана болон дээврийн хөндийн хадны зургуудыг анх газарзүйч О.Намнандорж олж илрүүлж, дараа нь орос, монголын археологичид А.П.Окладников, В.В.Ларичев, А.П.Деревянко, Н.Сэр-Оджав, Д.Дорж, Д.Цэвээндорж нарын зэрэг эрдэмтэн судлаачид нягтлан шинжилж эртний чулуун зэвсгийн дээд палеолит/2000-15000 жилийн өмнө/-ийн үед холбогдолтойг тогтоожээ. Агуй 2,5м орчим өндөр ханатай, 2м гүн мөрөгцөгийн тааз хананд олон янзын тэмдэг дүрс, ан амьтдыг бие биеийн дээгүүр давхардуулан зурсны дотор зогсож буй бугын эр хүйсийг цохон дүрсэлсэн зураг тод үзэгдэнэ. Түүнээс холхон зайд хэрж зогссон том эвэртэй отос бухын зураг харагдана. Нэгэн мөргөцөгт бух, янгир тэрчлэн арслан заан, тэмээн хяруул зэргийг давхцуулан дүрсэлжээ. Агуйн үүдэн талын 8м өргөн, 10м урт хонгилын хананд 2 бөхтэй тэмээ, түүнээс холгүй мод мэтийг дүрсэлсэн байх жишээтэй. Эдгээр зургууд нь 2 үндсэн өнгөтэй бөгөөд 1 хэсэгт нь харьцангуй цайвар ягаавтар, нөгөө хэсэг нь өтгөвтөр улаан хүрэн өнгийн зосон будгаар туурвигдсан аж. Дүрслэлийн онцлогийн хувьд эдгээр зургуудад амьтдын гадаад төрлийн гол онцлогийг тодруулан гаргахад анхаарч энгүүн бодит байдлаар харуулсан байх агаад янгир, тэмээн хяруул мэтийг дүрслэлийн дагуулан хурууны өндөгний дардас мэт толбууд хийж уг амьтдын олон давтан зурахаас аль болохоор зайлсхийжээ.

No comments:

Post a Comment