Friday, November 20, 2009

Хад үзүүрийн хадны зураг

Увс аймгийн Сагил сумын нутагт/сумын төвөөс зүүн хойш 18км/ тулгын гурван чулуу мэт байрласан хар бараан өнгийн хадтай гурван уул байдгийн Баруун, Зүүн, Дунд тургын баруун талын дэрс, бударганатай хоолойг Марц гэж тус тус нэрлэдэг. Марцын зүүн талд Монгол Оросын хилийн заагаас 5км орчим зайтай хойноос урагш сунаж тогтсон хадтай жижиг хар толгойг Хад үзүүр гэнэ. Хад үзүүрийн чанх урд, баруун урд талын хаданд янгир, буга, үхэр, адуу, чоно, хүн зэргийн зуу гаруй дүрсийг хотойлгон цохиж сийлсэн бөгөөд эдгээр нь дүрслэлийн арга барилаар төдийгүй он цагийн хувьд өөр өөр үед холбогдоно. Энд эртний зурган дээр хожуу үед зураг давхарлуулан сийлсэн тохиолдол байна. Хад үзүүрийн чанх урд талын том толигор хадыг нийтэд нь хонхойлгон цохиж дүрсэлсэн амьтнаар дүүргэжээ. Тэдний дундаас энэхүү хадны хамгийн тохиромжтой толигор хэсгийг үзүүлэн нэгэн том үхрийн ерөнхий тэгийг хонхойлгон цохиж бодит байдлаар дүрслэхдээ түүний сүүл босоо, эвэр хоёр салаа, омруу эр хүйсийг цохон үзүүлсний гадна хэвлийн доор нь зууван дугуй хонхор цохиж гаргасан байна. Энэхүү үхрийн дээд талд зүүн тийш явж буй таван үхрийг нэг эгнээ, тэдгээрийн дээгүүр баруун тийш явж буй хоёр үхрийг нэг эгнээ бүх талбайгаар нь хонхойлгон цохиж дүрсэлжээ. Эл зургийн зүүн дээд талд зүүн тийш харсан нэг том үхрийн өөдөөс харсан хоёр үхрийг дүрсэлсэн байна. Эдгээр үхрийн омруу эвэр зэргийг цохон үзүүлсний гадна заримыг нь нуруу ачаа буюу бөхтэй мэт дүрсэлсэн онц сонирхолтой. Дээр өгүүлсэн зургийн баруун дээд талд хоншоороо чанх дээш өргөн хүзүүгээ нугалсан олон салаа эвэртэй бугыг хэвтэж байгаагаар ихэд чадмаг урласан байна. Түүний дээрээс янгир бугын жижиг дүрсийг хожим давхарлуулан хонхойлгон цохиж дүрсэлжээ. Хад үзүүрийн баруун талын ганц том хадны урд талын хавтгайд нэг тал бугын дүрсийг бүх талбайгаар нь цохиж нилээд бодитой урлах ба түүний хэвлий доор зууван хонхор цохиж гаргажээ. Дурьдсан үхэр бугын хоёр том зураг бусдаас хэмжээгээр том төдийгүй тэдгээрийн зарим дээр нь хожуу/хүрэл зэвсгийн/ үед буга янгирын зургийг давхардуулан сийлсэн байрлалын хувьд хадны хамгийн тохиромжтой зайг сонгон авсан байна.

No comments:

Post a Comment