Friday, November 20, 2009

Baga ch gesen sonirholiig chine tatah baih.

Оршил Аливаа үндэсний эдлэг соёл нь тухайн ард түмний эрхлэх аж ахуй , нутгийн байгаль , цаг уурын онцлог , нөхцөл байдал , түүхэн уламжлал , гадаад орнуудтай тогтоосон харилцаа холбоо зэргийг тусгаж уламжлагдан баяжиж хөгжиж байдаг соёлын нэгэн чухал бүрэлдэхүүн билээ. Монголчуудын эдлэг соёлыг түүний хамран буй хүрээг нь харгалзан үзвээс: 1.Монголчуудын орон сууцтай холбогдсон эдлэг соёл 2.Хувцас хунартай холбогдсон эдлэг соёл 3.Хоол , ундны зүйлтэй холбогдсон эдлэг соёл 4.Гар урлал гэсэн дөрвөн төрөлд хуваан үзэж болох юм. Орон сууцны түүх нь хүн төрөлхтний түүхтэй эн зэрэгцүүлбээс богино хугацааг хамарсан аж. Орон байр үүсээгүй байсан цагт эртний мичин хүний толгой хоргодох зүйлд газар орны гөлөө их байжээ. Тухайлбаас , мичин хүн , эртний хүмүүс уулархаг газарт хад цохионы нөмөр бараадах, агуйд орогнож байсан бол тал хээр , гол мөрний дагууд гуу жалга , нүх , хонхорт сүрэглэн бөөгнөрөн хоргоддог байжээ. Энэ нь цаашдын хөгжлийн явцад бэлдэж зэхсэн толгой хоргодох байртай болоход хүргэсэн агаад түүнийг хэвтэш , суудал , үүр гэж ангилж үздэг. Эдгээр нь зэхэж хийсэн материалаараа бус , харин хэрэглэх шаардлага , багтаамж ,хэмжээгээрээ ялгагдана. Хэвтэш суудал нь гол төлөв шөнийн цагт “амрах” , маргаашийнхаа ажилд хүч чадлаа сэлбэх шаардлагаар ашиглагддаг бол үүр нь эм мич үр төлөө төрүүлж өсгөх үйл ажиллагаанд холбогдсон шаардлагыг хангахад чиглэгдэнэ. Хүн төрөлхтний түүхэнд орон сууц үүсэхэд агуй чухал үүрэгтэй байлаа.Эртний хүмүүс агуйг орон сууцаа болгосон анхны алхам дунд палеолитийн үеэс эхэлсэн аж. Манай нутгаас олдсон эртний хүмүүс амьдарч байсан агуйнууд дотор Ховд аймгийн Манхан сумын Хойт Цэнхэрийн агуй Сүхбаатар аймгийн Шилийн Богд агуй Төв аймгийн Баяндэлгэр , Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын нутаг дамнан оршдог Баян-Улааны агуй зэрэг эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий олон агуйнууд бий.Эдгээр нь байгалийн үзэгдлээр үүссэн агуйнууд байсан агаад эртний хүмүүс оюун ухаан үйл ажиллагааны үйлдлэгийн мэдлэгтээ тулгуурлан орон сууцны анхны хэлбэрийг бүтээсэн аж. Энэ нь “Хавтгайвтар нимгэн чулууг хооронд нь ирмэгээр нийлүүлж хашлага хийгээд дээгүүр нь хавтгай чулуу тавьж дээвэрлэдэг болсон тэр үе буюу дольмений үед өргөн дэлгэрчээ.Энэхүү хиймэл агуй нь хөгжлийн дараагийн үед малтмал газар сууц болох эрүкэд халаагаа өгсөн юм. Түүнчлэн үүслийн хувьд “ хүмүүс гол мөрний сав даган амьдарч ав хомрого байнга эрхэлдэг болсонтой холбож үзсэн судлаачдын 40-50 мянган жилийн тэртээд холбогдуулан“ үздэг урцан сууц үүсчээ.Эртний хүмүүсийн модны уян хатан чанарыг ашиглан хийсэн урцыг бөмбөгөр хэлбэртэй шовгор хэлбэртэй гэж 2 ангилна. Урцны хэлбэрүүд нь орон сууцны дараа дараагийн хувьсгал хөгжлийн шатанд гэр болон бусад орон сууцны хэлбэрүүд үүсэх нөхцлийг бүрдүүлсэн байна.Сууцны хөгжилд тэрэгт сууц чухал байр эзэлдэг.Эртний судлалын судалгаанаас үзэхэд тэрэгт сууцны төрөл бүрийн хэлбэр маш эрт нүүдэлч , малчин аймгуудын дунд дэлгэрсэн агаад манай орны хувьд энэ цаг үе МЭӨ III дахь мянган жилд холбогдох авай. Манай аймаг анчин хэсгээсээ ялгаран салсан тэр цаг үед хүн төрөлхтний орон байрны чухал хэлбэрийн нэг гэр үүсчээ. XIX зууны эцэс гэхэд манай дэлхий дээр янз бүрийн газар оронд нутагладаг 100 гаруй үндэстэн ястан ханат гэрийг хэрэглэж байжээ.Тэр нь урцнаас эх сурвалжтай агаад түүнийг гадаад хэлбэрээр нь Халимаг , Киргиз буюу Монгол , Түрэг гэж ангилдаг. Монголчуудын гэрийн хөгжлийг эртний , XIII-XV зууны үеийн , XVI-XX зууны үеийн хэмээн гурван үед хувааж болох юм. Эртний үе холбогдох гэрийн хөгжил нь эрүке ба гэрийг хэрэглэж байсан Хүннүгийн түүхтэй салшгүй холбоотой. Хүннүгийн үеийн эрүке Улаан-Үд хотын Иволгоос олдсон агаад нөгөө төрөл гэрийн талаар түүхийн сурвалж , баримт мэдээ хомс байдаг. Монгол гэрийн дунд үеийн хөгжилд XIII зууны үе онцгой байр эзэлдэг. “Монголын нууц товчоо” –нд дурьдагддаг , эбэсүн нэмбүлэ гэр , чорхан гэр , гэр тэргэн, ордо гэр , алтан тэрмэ, өргөтэй гэр , шилтэ сүтэй гэр, гэрлүг, бурхасун гэр гэх зэрэг нь цөм гэр хэлбэрт багтах сууцууд юм. Орд гэр нь том хэмжээтэй , гадна талыг эсгий дээвэр , туургаар бүрж , гадуур нь бар , ирвэс , арслангийн , гэрийн дотуур амьтны сортой үнэт арьсаар чимэглэж , багана , босго зэргийг алтан хуудсаар бүрээслэдэг. Орд гэрийг гаднын элч төлөөлөгчдийг хүлээн авах , Их хуралдай хийх зэрэгт зориулсан байж болох юм. Ийм гэрийг Хэрэйдүүд “Алтан тэрэм” гэдэг. Эрлүг нь алс холын аян дайнд явахад голлон авч явж хэрэглэдэг гэр юм. Эбэсүн Нэмбүлэ гэрийг өвс , бургасаар барьдаг. “Монголын нууц товчоо” –ны мэдээгээр Бодончарын Онон мөрний шугуйд барьсан сууц юм. Хошлиг нь ойн аймгуудын дунд үлэмж дэлгэрсэн агаад түүнийг XVI-XX зууны эхэн үед хатгуур гэж нэрлэж байв. Гэрийн хөгжлийн XVI-XX зууны эхэн үед сурвалжтан язгууртан хошуу тамга , аймгийн чуулганы гэрийг Бат-Өлзий гэр , арван баяны гэр, Даян гэр бурхан шүтээн тахилсан гэрийг буяны гэр , шар бүсийн өргөө , ядуусын гэрийг цээж гэр, хатгуур , товь гэр гэхчилэнгээр олон янз байдлаар нэрлэж байв. Иэрчлэн цачир , асар , жодгор , майхан зэрэг даавуун сууцнууд хэрэглэгдэж байв. Гэр нь угсаатны бүлгүүдийн онцлогийг тусгасан байдаг.Баруун Монголын угсаатны бүлгүүдийн гэр нь өвөрмөц онцлогтой. Дөрвөдөд өөлд гэр , хатгуур гэр , гишгүүр гэсэн гурван янз хэлбэрийн гэр байсан мэдээ бий. Өөлд гэрийн унь тооно нь үргэлж учир түүнийг сархинаган тоонот гэр хэмээн нэрлэдэг тохиолдол бий бөгөөд энэ нь эртний уламжлалтай юм. Монголын бусад угсаатны дунд ихэд дэлгэрсэн тооноо нүхэлж , униа хатган барьдаг гэрийг хатгуур гэр гэдэг бол ханагүй унь , тооноор барьдаг гэрийг гишгүүр хэмээн нэрийднэ. Өөлдийн гэр халхаас төдийлөнялгагдахгүй авч өвөлжөө, хаваржаандаа суурин байдалд зориулан дөрвөн тал, дээвэр бүхий дөрвөлжин хэлбэртэй оромжтой байдгаараа онцлог бөгөөд түүнийг “Шар гэр” гэж нэрлэдэг.Зарим тохиолдолд “Хэнз гэр” , “пүнз” гэдэг. Баядуудын гэр нь цөөн толгой бүхий олон ханатай байдгаараа онцлогтойг судлаачид тэмдэглэсэн нь бий. Эдийн соёлын бүрэлдэхүүн хэсэг , түүний тогтвортой бүрдвэрийн нэгэн болох хувцас нь ард түмнүүдийн нийгмийн болон соёлын хөгжлийн төвшин , төлөв байдал , үндэсний ухамсар , гоо сайхан зан үйл , угсаатан ястны түүхэн хөгжил, онцлогийг тодруулах чухал ач холбогдолтой билээ. Хувцсыг ердийн , баяр ёслолын , гоёлын , тусгай зориулалтын хэмээн ангилдаг. Үүнээс гадна Монголын угсаатан , угсаатны бүлгүүдэд хувцасны өвөрмөц онцлогууд бий. Эртний хүний өмсгөл нь нэм хэмээх нөмөргөн хувцас байсан боловч ийм хувцасны дурсгал одоо хэр яг биетээр олдоогүй байгаа билээ. Хүннү гүрний түүхэнд холбогдох археологийн дурсгал сурвалжийн мэдээнээс үзэхэд тэд баруун тийш зөрдөг энгэртэй дээлтэй , ээтэн хоншоор бүхий гутал , асарган бүстэй байжээ. Үүнийг Сүмбэ , Нирун нар залгамжлан авчээ. XIII-XIV зууны үеийн монголчуудын хувцасны тухай мэдээ сурвалж бичиг , гадаадын жуулчдын тэмдэглэл , археологийн судалгааны хэрэглэгдэхүүн зэрэгт тусгагдсан байдаг бөгөөд хүмүүсийн нийгэмд эзэлж буй байр суурь , хэргэм зэрэг, угсаа гарвалыг нь илэрхийлсэн шинж улам тод болсон ажгуу. XVI зууны II хагаст монголчууд шарын шашинд нэлэнхүйдээ орсонтой уялдан лам нарын хувцасны үндэсний хэв маяг тогтсон байна. Энэ нь монгол , төвд хувцасны шинжүүд холилдсон өвөрсөц шинжтэй байв. Харин манж гүрний эрхшээлд байх үед “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-т тусгай зүйл анги оруулан ар монголын ван гүнгүүдийн цол хэргэм зэрэг дивийн хувцасны маяг хэрэглүүлэх зүйлийг журамласан байна. Харин олноо өргөгдсөн монгол улсын үед энэ байдлын өөрчлөлт, ноёд түшмэд , тушаалтан лам нарын ёслолын хувцас болон цэргийн дүрэмт хувцасыг өөрийн хуулиар тогтоожээ.Монголын ноёд нь хан , ван , бэйл , бэйс , гүн , засаг зэрэг дэвээр ялгарч байсны дээр тайж нар 1-4 зэрэг , бичиг цэргийн түшмэд нь 1-9н зэрэг болох бөгөөд эдгээрийн дагуу харилцан ялгавар бүхий малгай , жинс ,отог, хүрэм, бүс , эрхи , дэвсгэр түшлэг, ширээ хэрэглэдэг байна.

No comments:

Post a Comment